ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧИЙН 7 ШИНЖ


Take_Change.jpg

Өөрчлөлт шинэчлэлийн үйлд хамгийн их хохирол учруулагчид бол “өөрчлөлтийг эсэргүүцэгчид” юм.  Тэд шинэчлэлийн үйлд хувь нэмэр оруулахгүй мөртлөө бүр гай болдог. Та байгууллагад хэрэгжүүлж буй өөрчлөлтийг эсэргүүцэгч үү, дэмжигч үү? Магадгүй та өөрийгөө өөрчлөлтөд нээлттэй ханддаг, угтан авдаг хэмээн боддог ч мөн чанараар өөрчлөлтийг эсэргүүцэгч байж болох юм. Хэрэв  та энэ хоёр байдлын аль талд өөрийгөө зогсож байгааг мэдэхгүй байгаа дараах шинж тэмдэгүүдээр өөрийгөө шинжиж үзээрэй.

 

 

Анхаарах шинж тэмдэг 1: Та шинэ тоглоомыг хуучин дүрмээр тоглож байна

Тоглоом өөрчлөгдвөл та дүрмээ өөрчлөх шаардлагатай тулгарна. Эс бөгөөс та тоглоомд хожигдох болно. Байгууллага тань өөрчлөгдөж байна гэдэг нь та шинэ тоглоомоор тоглож байна гэсэн үг. Хэрэв та шинэ тоглоомыг хуучин дүрмээр тоглож байгаа бол та байгууллагын өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа нэг шинж тэмдэг мөн.

 

Анхаарах шинж тэмдэг 2: Та шинэ үүрэг даалгавраас зайлсхийж байна

Ихэнх хүмүүс шинэ сорилт, боломж, амжилт руу хөтөлдөг болохоор  шинэ үүрэг даалгаврыг тааламжтайгаар хүлээн авдаг. Хэрэв та шинэ үүрэг даалгавар хүлээн авахаас зайлсхийж байгаа бол энэ нь та одоогийн аюулгүй нөхцөл байдалдаа үлдэн, эрсдэл гаргахаас эмээж байгаагийн илэрхийлэл мөн.

 

Анхаарах шинж тэмдэг 3: Та ажлаас өөр зүйлд анхаарал хандуулахаа больсон байна

            Заримдаа менежерүүд дүн шинжилгээ хийхэд хэтэрхий их ач холбогдол өгөн цаг хугацаа зарцуулдаг. Ингэснээр байгууллага судалгааны үр дүн гарахыг хүлээн, сул зогсох шаардлагатай тулгарна. Хэдий тодорхой хэмжээний судалгаа хийх шаардлагатай боловч нөхцөл байдал асар хурдтай өөрчлөгдөж байгаа өнөө үед хэтэрхий удаан бодож төлөвлөн шийдвэр гаргах хэрэггүй юм. Хэрэв та шийдвэр гаргах үйл ажиллагааг удаашруулдаг  бол та өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс илүү эсэргүүцдэг нэгэн ажээ.

 

Анхаарах шинж тэмдэг 4: Та өөрчилж чадахгүй зүйлээ хяналтанд байлгахыг оролддог

Зарим зүйлийг зүгээр л хянах боломжгүй байдаг. Зах зээл уналттай байгаа үед та яаж ч хичээгээд өөрийн компанийн хувьцааны үнэлгээг өсгөх боломжгүй. Та туслах аж ахуй чинь байдаг Өвөрхангайн нэг суманд цас оруулахгүй  байж чадахгүй. Таны гол хэрэглэгчдийг татахын тулд шинэ төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа өрсөлдөгч компанийн үйл ажиллагааг та зогсоож чадахгүй. Хэрэв та удирдаж чадахгүй зүйлээ хяналтандаа байлгахыг оролдох юм бол өөрийн цаг, хөрөнгийг дэмий үрэх болно. Өөрчлөлт гэдэг үүний адил зайлсхийж боломгүй, зайлшгүй явагдах үйл явц юм шүү.

 

Анхаарах шинж тэмдэг 5: Та өөрчлөлтийнхөө хохирогч нь болдог

Та өөрчлөлтийг эсэргүүцэхээс илүү түүний хохирогч болох шиг гунигтай зүйл үгүй. Өөрчлөлттийн хүнд бэрх замыг туулахаас зайлсхийж, эсэргүүцэн тэмцэхийн оронд хэрэглэгчдийнхээ хэрэгцээг ойлгон өөрчлөлтөнд дасан зохицох хэрэгтэй. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлтийг хүлээн зөвшөөр.

 

Анхаарах шинж тэмдэг 6: Та хэн нэгэн удирдлагыг авч асуудлыг шийдийг хүлээдэг

Та сул зогсон асуудлыг шийдвэрлэх өөр менежер эсвэл захирлыг хүлээгээд байгаа юм биш биз? Хүлээх нь өөрчлөлтийг алга болгодоггүй. Энэ нь зөвхөн байгууллагын хийх хариу үйлдлийг л хойшлуулдаг. Ингэж хойшлуулснаараа танай байгууллага өрсөлдөөнд хойгуур байр эзлэх болно.

 

 Анхаарах шинж тэмдэг 7:  Та таг зогсоо байдалд орсон байна

Эцсийн эцэст өөрчлөлтийг эсэргүүцсэн зүйл өөрөө зогсонги байдалд ордог. Үүнээс улбаалаад менежер шийдвэр гаргах удирдлагын үүргээ гүйцэтгэж чадахаа больж, байдлыг ажигласаар хугацаа алддаг. Үр дүнд нь алдагдал бий болно. Менежер таны хийх ёстой үндсэн ажил бол аливааг  зохицуулан удирдах явдал гэдгийг бүү мартаарай.  

 

Танд “өөрчлөлтийг эсэргүүцэгчийн” дээрх 7 шинжийн аль нэг нь эсвэл нилээд хэд нь илэрч байгаа бол юу хийх шаардлагатай вэ?  Та өөрчлөлтийг эсэргүүцэгч байхын оронд “өөрчлөлтийн үйл ажиллагааг дэмжигч” манлайлагч менежер бол. Дараах зөвлөгөөнүүд таныг “өөрчлөлтийг манлайлагч” байж, өөрчлөлтийг боломж болгон хувиргахад тань тусална.

 

 

  • Өөрчлөлтийг хүлээн зөвшөөр. Өөрчлөлтөөс зайлсхийхийн оронд үүнтэй дасан зохицох хэрэгтэй.
  • Уян хатан бай. Өнөөгийн хурдтай өөрчлөлт бүхий нийгэмд өөрчлөлт тохиолдох давтамж ихэсч байна. Энэ нь менежерүүдээс ажилдаа ихээхэн уян хатан хандахыг шаардах боллоо.
  • Бусдад үлгэрлэхүйц бай. Ажилчид танаас үлгэр дуурайл авмаар тийм зан чанаруудыг өөртөө бий болго. Хэрэв та өөрчлөлтийг эсэргүүцэгч бус манлайлагч бол тэд ч гэсэн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрнө.
  • Төвлөр. Өөрийн хийж чадахгүй зүйл дээр бус хийж чаддаг зүйл дээр гол анхаарлаа төвлөрүүл.
  • Таньж мэдээд шагна. Зөв зүйл хийсэн хүн хийсэн зүйлийнхээ шагналыг авах ёстой. Та өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн ажилчдаа шагнавал тэд ажлаа илүү урам зоригтой хийх болно.

 

Өөрчлөлтийг манлайлагч менежерт байх ёстой өөр нэг чухал шинж чанар нь “ажилчдыг өөрчлөлттэй харьцаж сурахад” нь туслах явдал юм. Менежер хүн өөрийн байгууллагад гүйцэтгэж буй ажил үүрэг, туршлагаараа өөрчлөлт хаа сайгүй явагдаж байгаа бөгөөд энэ нь хүн бүхний ажил үүрэг, амьдралд шууд нөлөөлөл үзүүлэх болно гэдгийг бусдаас илүү мэдэрч, ойлгосон байдаг. Иймээс менежер ажилчиддаа нөхцөл байдлыг ухуулан таниулж, өөрчлөлттэй холбоотой хүндрэл бэрхшээл, саад тотгорыг даван туулахад нь урмын үг болоод мэдлэг арга зүйгээр туслах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд тань дараах арга замууд туслах болно.

 

  • Ажилчдадаа анхаарал хандуул. Менежер хүн ажилчдадаа анхаарал халамж тавин асуудлыг шийдэж өгвөл тэд ажилдаа илүү үнэнчээр ажилладаг болох нь судлагаагаар тогтоогдсон байдаг. Ажилчдынхаа амжилт ололтонд анхаарал хандуулахын хажуугаар өөрчлөлтийн нөлөөгөөр бий болсон ажлын байрны стресс, амьдралынхаа асуудлыг шийдвэрлэхэд нь санаа тавих хэрэгтэй. Ажилчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан үйл ажиллагаагаа явуул.
  • Сонс. Ажилчид байгууллагад өөрчлөлт явагдаж байгааг мэдмэгцээ үүний тухай хамт ажиллагсад болон менежертэйгээ ярилцахыг хүсдэг. Тиймээс тэднийг сонсон, урам зоригоор тэтгэх нь менежер таны үүрэг юм. Ажилчдын яриаг таслалгүйгээр дуустал нь сонсох гэдэг нэлээдгүй тэвчээр шаардах, гэхдээ тун чухал ажил гэдгийг ойлгоорой.  
  • Буцах холбоог бий болго. Өөрчлөлттэй тулгарч байгаа ажилчдынхаа санаа бодлыг сонсон буцах холбоог бий болгох хэрэгтэй. Хамгийн зөв санаа ажлын фронт дээр хэрэглэгчидтэй шууд харилцдаг ажилчдаас ирдэг бөгөөд мэдээллийн энэ чухал эх сурвалжийг зөв ашиглах хэрэгтэй.
  • Өөрчлөлт хийх боломжийг тайлбарла. Ажилчид өөрт нь шууд нөлөөлөх өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байхыг эрхэмлэн түүнд бэлдэхийг илүүд үздэг. Ажилчдад өөрчлөлтөөр бий болох боломжийн талаар мэдээлэх нь ажилчдад өөрсдийгөө байгууллагадаа үнэ цэнтэй, чухал хүн гэсэн мэдрэмжийг төрүүлнэ.
  • Үнэнийг буу нууж хаа. Магадгүй та ажилчид бүх зүйл хэвийн гэж сонсох дуртай гэж бодон ямар нэг асуудалтай тулгарсан үедээ түүнийгээ ажилчдаасаа нуудаг байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ ажилчид байгууллагад ямар асуудал тулгарсан, түүнийг шийдвэрлэх ямар төлөвлөгөөтэй байгаа, түүнд өөрсдөө ямар хувь нэмэр оруулж чадах талаар мэдэхийг хүсдэг. Байдал хүндэрсэн үед ажилчдадаа үнэнийг өгүүлэх нь асуудлыг шийдвэрлэхэд туслаад зогсохгүй тэдний ажил амьдралд сайн нөлөө үзүүлнэ.
  • Ажилчдыг оролцуул. Ажилчдад тодорхой хэмжээний хяналтын эрх мэдэл олгох нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон байгууллагын төлөө шургуу ажиллахад тустай нөлөө үзүүлнэ.
  • Алсын хараагаа байнга бодож бай. Байгууллагын удирдлагын хийх ёстой хамгийн чухал зүйл нь ирээдүйг зураглах явдал билээ. Байгууллагын алсын хараа ажилчдад урам зориг өгөхөөс гадана өөрчлөлт шинэчлэлтийн үед юу хийхэд чиглүүлэх чухал нөлөөтэй. Нөхцөл байдал муудсан үед алсын хараа гэрэлт цамхаг шиг гэрэлтэн, хаашаа явах замыг зааж өгдөг.

 

331 2022-11-22
Нийтэлсэн: AnonymousUser